С.Магнайсүрэн: Барилгын салбарт шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ

- “Барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г Дэд бүтцийн сайдын 2002 оны 135 дугаар тушаалаар батлан 2002-2010 оны хооронд хэрэгжүүлж, уг бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд 2011 онд үнэлгээ, дүгнэлт хийсэн. Энэхүү баримт бичгээс хойш өнөөг хүртэл барилгын салбарын талаар баримтлах нэгдсэн бодлого гараагүй тул Барилгын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг үндэслэн “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” /2019-2029 он/-ыг боловсруулан батлууллаа.

Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Үндэсний статистикийн хорооноос гаргасан барилгын салбарын статистик өгөгдлүүд, Засгийн газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын мэдээ, хөгжлийн төсөөлөл боловсруулах арга зүйн судалгааны баримт бичиг, Хүн ам, орон сууцны 2015 оны завсарын тооллогын дүн мэдээ, Гаалийн ерөнхий газрын импорт, экспортын барилгын материал бүтээгдэхүүний мэдээ, ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, Гадаадын иргэн харъяатын албаны ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний мэдээ, хүрээлэнгүүдэд хийгдсэн судалгааны материал, Монгол банк, Сангийн яамны эдийн засгин макро түвшний гол үзүүлэлтүүдийн судалгаа тайлан, Засгийн газрын хөгжлийн томоохон хөтөлбөр, төслийн баримт бичиг зэргийг эх сурвалж болгосон.